Судалгааны тайлангийн хураангуй “Хашаа хайсгүй нутаг” гэдгээрээ алдартай Монгол улс амьдрах өргөн уудам нутаг шаарддаг хэд хэдэн төрлийн нүүдлийн амьтны аймгийн төрөл зүйлийн хувьд сүүлийн орогнох газар болж байгаа билээ. Азийн зэрлэг илжиг буюу хулан ийм төрөл зүйлийн нэг юм. Equidae хэмээх адууны овгийн нэгэн гишүүн хулан бээр сүүлийн мянганд тоо толгой нь ихээр хорогдож, оршин амьдрах нутаг нь багасан эдүгээ устаж мөхөх аюул тулгараад байгаа амьтны тоонд зүй ёсоор орох болжээ. Тоо толгой нь ингэж ихээр хорогдсоноор нэг хэсэг нь Евроазийн нутгаар цөөн тоогоор тархай байдалтай амьдрах болсон ч нөгөө нэг хэсэг нь олон тоогоороо Монгол улсад хүн ам сийрэг суурьшсан Говийн бүсэд хамгаалалтанд үлдсэн байна. Ийм хамгаалалт нь мэдээжээр уг төрөл зүйл амьтны хувьд урт удаан хугацаагаар амьдрахад ихээхэн чухал хүчин зүйл юм. Тус бүс нутаг нь социалист удирдлагатай эдийн засгийн тогтолцоо нуран унаснаас улбаалсан улс төрийн хийгээд эдийн засгийн өөрчлөлтийг туулж, хямралт үеийг даван гарч буй хүн амынхаа өсөлтийг ихээхэн дэмжиж байгаа билээ. Энэ бүсийн хүн амын ихэнхи нь малчид юм.
Хувьчлагдсан зах зээлийн эдийн засгийн тогтолцоонд шилжих шилжилтийн явцад гарсан өөрчлөлтүүдийн нөлөөгөөр говийн бүсэд хүн ам хийгээд ашиг хонжоо хайсан эдийн засгийн үйл ажиллагаа нэмэгдэхийн зэрэгцээ зэрлэг өвсөн тэжээлтэн амьдрах нутаг багасаж байна. Уул уурхай, зам барилга гэх мэт Монгол улсын эдийн засгийн бусад секторын хөгжил нь тус бүс нутгийн байгаль орчны аюулгүй байдал, амьд байгальд болон хулангийн амьдрах орчны хэрэгцээнд цаашид муугаар нөлөөлж болох юм. Хүн, мал, амьд байгалийн хувьд говьд амьдрах түлхүүр хүчин зүйл нь ус эрдэнэ бөгөөд хөдөөгийн хүмүүсийн тэр дундаа малчдын амьжиргааг дээшлүүлэх нэг арга зам нь хуучин худгийг сэргээх, шинээр худаг гаргах явдал мөн. Гэвч энэ нь боломжит малын бэлчээрийн талбайн хэмжээг нэмэгдүүлж, өвсөн тэжээлт зэрлэг ан амьтдыг шахан гаргаж сөрөг нөлөө үзүүлж болох талтай. Нутгийн хүн амын хийгээд зэрлэг ан амьтдын хэрэгцээнээс үүдэн гарсан ийм зөрчлийг шийдвэрлэхийн тулд энэ чиглэлээр экосистем болон нөөцийн хэрэглээний асуудлыг сайтар ойлгох нь чухал. Нидерланд-Монголын Байгаль Орчны Шинэчлэлийн Итгэлийн Сангаар дамжуулан Дэлхийн Банкнаас эдгээр асуудлуудыг судалсан бөгөөд өдгөө хулан нь хулгайн ан болон амьдрах нутаг багассанаас болж эрсдэлд ороод буй нь нэгэнт тодорхой болжээ. Үнэндээ, зарим нэг тооцоогоор хулан дараагийн арван жилийн дотор мөхөж устана гэсэн таамаглалтай байгаа бөгөөд эдгээр нь тухайн бүс нутгийн эдийн засгийн болон хөгжлийн асуудлуудтай нягт холбоотой юм. Судалгааны ерөнхий зорилго нь а) зэрлэг болон гэрийн том өвсөн тэжээлтэн амьтны, ялангуяа хулангийн экологийн талаар мэдлэгээ дээшлүүлэх, б) хүн болон хулангийн амьдрах орчны ашиглалтын хоорондын зөрчлийг тодорхойлох, в) хэрэгжүүлснээр хулангийн амьдрах орчныг хамгаалах асуудлыг шийдвэрлэхэд туслах, хүн хулан хоёрын хоорондын зөрчлийг арилгах, хулан Монгол оронд урт удаан хугацаагаар амьдрах нөхцлийг бүрдүүлэх менежментийн санал боловсруулах явдал болно. Судалгааг хулангийн төвлөрөл ихтэй Монголын зүүн өмнө хэсгийн говь болох Дорноговь аймгийн нутагт явуулсан бөгөөд судалгааны явцад ялгаатай хэд хэдэн аргуудыг хэрэглэсэн байна. Хулангийн үндсэн нутаг, хүн амьдрахад үзүүлэх хариу үйлдэл, нөөцийн хэрэглээ зэргийг 7 хулан барьж, Газарзүйн солбилцол тогтоох систем (GPS) бүхий хүзүүвч хийж, шилжилт хөдөлгөөний байршлуудыг нь хиймэл дагуулаар мөшгөн тогтоожээ. Эдгээр мэдээллийг судалгаа хийсэн газрын хонь ямаан сүргийн хөдөлгөөнийг мөшгөхөд хэрэглэсэн GPS -ийн ижил төстэй бусад мэдээлэлтэй харьцуулж үзсэн байна. Байршлын цэгүүдийг орчны ургамлын хэв шинж, хэсэгчилсэн сонгосон газарт хур тунадас оруулсантай холбоотой тэжээлийн ургамлын ургалт, усны байршил, хүний дэд бүтэц зэрэгт харьцуулан судалснаар өөрчлөгдөн буй байгаль орчинтой зэрлэг ан амьтад хийгээд мал хэрхэн харилцан үйлчлэлцдэг талаар үнэ цэнэтэй мэдээллийг олж авчээ. Гэвч улирлын бэлчээрийн онцлог, усны олдоц, мал сүргийн хөдөлгөөн болон тоо толгойн мэдээллийг агуулсан үнэн зөв, нарийн масштабын мэдээллийн сан байхгүй тул хуучин худгийг сэргээхтэй холбогдон гарах нөлөөг жинхэнэ дүгнэн шинжлэх аргаар тодорхойлох явдал хязгаарлагдмал байв. Хулан болон мал сүргийг цахим аргаар мөшгөхөөс гадна малчид хулангийн хоорондын нөөцийн төлөөх зөрчлийн асуудлыг болон хууль бусаар агнах явдлаас болж хуланд учраад буй аюул заналыг тодорхой болгох зорилгоор ярилцлага, судалгаа зэргийг хийжээ. Судалгаагаар хулан нь их нүүдэллэж, өргөн уудам газар нутгийг хамран амьдардаг болохыг тогтоосон байна. Судлагаанд хамрагдсан хулангийн нутагладаг газрынх нь зөвхөн өчүүхэн хэсэг болсон хамгаалалттай газруудад ч мөн судалгаа явуулсан аж. Хулан бол газар нутгийн байдлын өөрчлөлтөд асар мэдрэг амьтан. Жишээлбэл, Монгол орноор нэвт өнгөрөх төмөр замын зүүн талд нутаглах боломжтой нутаг байх боловч хулан төмөр зам байгаагаас болж дайжин уг төмөр замыг огт дайрч гардаггүй. Хулан тодорхой хэв шинжийн газар нутаглах гэдэггүй, харин ургамлын гарц сайтай газар нутгийг хайдаг бололтой. Эдгээр сайн чанарын тэжээлийн ургамалтай нутгууд нь орон зай, цаг хугацааны хувьд харилцан адилгүй байдгаас гадна ургамлын гарц нь тухайн орон нутгийн хур тунадасны хэмжээнээс хамааран ялгаатай. Усны хүртээмж нь говьд амин чухал асуудал юм. Хулан худагнаас эсвэл ганц нэг айлаас дайждаггүй. Гэхдээ нэгэнт гар ажиллагаатай худгийг хулан ажиллуулж чадахгүйгээс хойш худагны хэрэг хуланд байхгүй. Хулан задгай усны эх сурвалж, ширгэсэн гол сувгийг хонхойлон ухаж, гарсан усыг нь уудаг. Худаг нь гадаргын ус (гол) ховор газарт хүн амьдрах нөхцлийг бий болгож өгдөг боловч задгай усны эх үүсвэр ойр орчимд байгаа тохиолдолд хүмүүс түүнийг худгаас илүүд үзэж, хэрэглэдэг. Хүн болон бод мал, ялангуяа тэмээ, морь ихтэй газраас хулан айхын дээр голоос болон булаг шанднаас тэдэнтэй нэг зэрэг ундаалдаггүй. Харин цөөн тооны алдуул мал байх үед нэг их үргэж зугтдаггүй. Малчид ихэнхдээ малаа усны эх үүсвэрээс 5 километрийн зайд хариулдаг бөгөөд шинээр усны эх үүсвэр нээгдсэн тохиолдолд тэд малаа бэлчээх бэлчээрийн хэмжээг нэмдэг. Усны ойролцоо байх бэлчээрийн даац хэтэрч, бэлчээрийн чанар муудах явдал элбэг. Задгай устай газрыг түшиглэн хулгайн ан хийх явдал гардаг бөгөөд ан хийсэн ул мөр судалгаа хийх үеэр очсон задгай устай газруудад нэлээд ажиглагдсан байна. Ярилцлагаар амьд байгалийн бусад төрөл зүйлийн нэгэн адил хулан нь монголчуудын ахуйд хүндтэй амьтан болох нь нотлогдсон. Хөдөө орон нутгийн малчдын дийлэнх нь хуланг мөхөж устах аюулаас аврах шаардлагатай гэж үзэж байлаа. Гэсэн хэдий ч, хулангийн тоо толгой өсөн нэмэгдэж, хахир өвлийг давахад хэрэг болох бэлчээрийн нөөцийг сүйтгэж байна гэсэн ойлголт малчдад түгээмэл байна. Энэ ойлголт нутгийн иргэдийн хуланд хандах хандлагад томоохон нөлөө үзүүлж байгаа бололтой. Хулангийн тоо толгой нэмэгдэж байгаа гэсэн ойлголттой хүмүүс хулангийн тоо толгой хэвэндээ эсвэл буурч байгаа гэсэн ойлголттой хүмүүстэй харьцуулахад хуланд илүү таагүй ханддаг байна. Хулгайгаар агнах явдал хулангийн амьдралд заналхийлж буй хамгийн том хүчин зүйл гэж орон нутгийн иргэд үзэж байгаа аж. Хууль бусаар ан хийх явдал орон нутгийн нөөц ашиглах асуудлаас зохион байгуулалттай ан ав хийж нийслэл Улаанбаатар хотруу нийлүүлэх зах зээлийн шинжтэй болж хувирч буй мэт санагдаж байна. Гэхдээ ан амьтдын тоо толгойн үнэн зөв мэдээлэлгүйгээр говийн хуланд болон бусад амьтдад үзүүлэх нөлөөллийг бодитой тогтоох боломжгүй юм. Судалгаанаас говийн бүс дэх хүн-зэрлэг амьтдын зөрчлийг шийдвэрлэхэд нутаг орны хэмжээнд стратегийн төлөвлөлт шаардлагатайг харуулж байна. Хулан бол өргөн уудам газар нутагт тархан идээшилдэг, тохиромжтой өвс ургамал бүхий газар хайж хол явдаг амьтан. Хашаа хайс, уртэсвэл том овор хэмжээтэй байгууламж баривал хулангийн амьдрах орчныг эвдэж, жижигрүүлэхийндээр зэрлэг өвсөн тэжээлтний амьдрах орчны нөхцөл муудахад түүнийг орхин өөрнутаг орныг сонгон явахболомжийг хаана. Тухайн бүс нутагт худаг усыг сэргээх нь малчдын хувьд мал сүргийг хариулах бэлчээрийн хэмжээг нэмэгдүүлэх, мөн худгийн төрлөөс шалтгаалан мал услахад шаардагдах цаг хугацааг багасган, хөдөлмөрийг хөнгөвчлөх ашиг тустай. Хэрвээ худаг ус сэргээх ажлыг өөр бусад давхар арга хэмжээтэй хослуулан хийвэл энэ нь зэрлэг амьтдад мөн ач тусаа өгөх боломжтой. Жишээлбэл, мал сүргийг тоо толгой нэмэгдэхгүй гэсэн тооцоогоор бэлчээрлүүлэх газар нутгийн хэмжээг нэмэгдүүлснээр бэлчээрийн даац, чанар муудах явдал багасч болох талтай. Худгийн тоог нэмэгдүүлж, хангалттай хэмжээнд хүргэснээр мал сүрэг задгай уснаас ундаалахаа больж, ингэснээр хулан болон бусад зэрлэг амьтдын хувьд задгай усны хүртээмж сайжрах талтай. Худагны ашиглалтыг цаг хугацаатай болгож хянах нь мөн нүүдлийн зүйл амьтны хувьд нүүдэл хийж амьдрах боломжийг бүрдүүлнэ. Гэхдээ эдгээрдавхар арга хэмжээг авахгүй бол худаг усыг сэргээх ажил зэрлэг амьтдыг хамгаалахадгарз учруулсан үйлдэл болохыг үгүйсгэх газаргүй. Монгол орны говийн бүс дэх хүн, зэрлэг амьтдын харилцан бие биедээ нөлөөлөх байдлыг авч үзэхийн тулд хийх шаардлагатай алхмуудыг дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: Нийт говь нутгийг хамарсан санаачлага. Говийн бүсийн дэд бүтцийн хөгжлийн стратегийг боловсруулах ба үүнийг хийхдээ зэрлэг ан амьтдыг хамгаалах асуудлыг анхаарах, нэн ялангуяа хашаа хайс, зам, ил уурхайн цооног, уурхай зэрэг хулан үргээдэг зүйлсийг бодолцох ёстой. Стратеги боловсруулахын өмнө байгаль орчны үнэлгээ хийж, зэрлэг ан амьтдын болон тэдний нутагших, нүүдэллэх тааламжтай нөхцөл бүрдүүлэх давхар арга хэмжээг авах хэрэгтэй. Зэрлэг ан амьтдын тоо толгойг тогтвортой байлгах, хамгаалахад түлхэц болгох зорилгоор орон нутгийн түвшинд сийрүүлэн агнах боломжийг судлан, найдвартай хяналтын болон хэрэгжүүлэлтийн хэлбэрийг сонгох шаардлагатай. Хулан үзүүлэх эко аялал жуулчлалын боломжийг мөн дэмжих шаардлагатай. Хулан болон бусад зэрлэг ан амьтдын усны хүртээмжийг сайжруулах явдал ч нэгэн адил чухал. Худаг усыг сэргээх ажлын хариу болгон зөвхөн зэрлэг ан амьтдыг услах газруудыг бий болгох хэлцэл байж болох юм. Хүчин төгөлдөр байгаа хууль тогтоомжуудыг мөрдүүлэх. Байгаль орчны үнэлгээ хийж, аливаа хөгжлийн холбогдолтой төслүүдэд урьдчилсан үнэлгээ хийхийг шаардсан хууль тогтоомжууд, зохицуулалтуудыг хатуу чанд мөрдөх шаардлагатай. Зэрлэг ан амьтдын хэрэгцээ шаардлагыг бодолцсон худаг ус сэргээх стратеги боловсруулан, мөрдөх хэрэгтэй. Хуланг хууль бусаар агнах явдал хуланд учирсан гол аюул заналын нэг болсон тул ан агнууртай холбоотой хууль тогтоомж, зохицуулалтуудыг мөн чандлан мөрдөх шаардлагатай. Хууль тогтоомжийг үр дүнтэй, чанд мөрдүүлэхийн тулд холбогдох албан тушаалтнууд болон байгууллагын чадавхийг бэхжүүлэх хэрэгцээ шаардлага мөн гарч ирж байна. Говийн бүсэд хулан болон бусад зэрлэг амьтдын талаарх ойлголтыг сайжруулах. Ихэнх Монголчууд зэрлэг ан амьтдад ихээхэн ач холбогдол өгдөг ч, өвсөн тэжээлт зэрлэг амьтдын тоо толгой буурч байгаа тухай болон уламжлалт нүүдлийн мал аж ахуйн талаархи ойлголт хангалттай бус байна. Эдгээр асуудлын талаар олон нийтэд мэдээлэл өгөхөд хэвлэл мэдээллийн хэрэгслийг хэрэглэж болох бөгөөд телевизийн хөтөлбөрүүд, судалгааны үеэр авсан хулангийн тухай баримтат кино зэрэг нь үр өгөөжтэй байж болох юм. Байгаль орчны боловсролын талаар багц материалуудыг мөн боловсруулж, тараах нь үр ашигтай арга хэмжээ болно. Мэдээллийн сан болон хяналт. Одоо ба ирээдүйд бий болох дэд бүтцийн хөгжлийн үзүүлэх нөлөө болон орон нутгийн малчдын газар, бэлчээр ашиглалтын хэв маяг, ан амьтдын амьдрах орчны өөрчлөлтийг үнэлэхийн тулд амьдрах орчин, дэд бүтэц, газар ашиглалтын мэдээлэл бүхий нэгдмэл мэдээллийн санг бий болгож хяналт шинжилгээ, үнэлгээ хариуцсан албаны хүмүүс уг мэдээллийг авч ашигладаг байх боломж нөхцлийг бүрдүүлэх хэрэгтэй. Хөдөөгийн хөгжлийн төслүүдэд зориулж байгаль орчны үнэлгээ хийх ажлыг хөнгөвчлөх үүднээс малчид болон мал сүргийг хянах хяналтын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Жишээлбэл, улирлын бэлчээр, мал сүргийн тоо толгой, сүргийн бүтцийн мэдээг гаргаж, байнга шинэчилдэг байх шаардлагатай. Том туурайтан амьтны тоо толгойг хянах ажлыг одоогийн энэ арга хэлбэрээр орон нутгийн түвшинд бус тэр хүрээнээс хальж хийх шаардлагатай. Энд хэрэглэж болох цорын ганц найдвартай арга бол агаараас тандах арга бөгөөд энэ аргаар цуглуулсан мэдээ мэдээллийг Монгол Улсын Их Сургуульд байх Монголын Биологийн Төрөл Зүйлийн Мэдээллийн Санд оруулах хэрэгтэй.
Тайланг бүрэн эхээр нь үзнэ үү (pdf формат - 729KB) |