Монгол Улсын Модны Хангамж: Хууль ба Хууль бус Эдийн Засаг

Хураангуй

 

Монгол орны ойн салбар нь аж үйлдвэрийн чухал салбарын нэг бөгөөд ой модтой аймгуудад амьдардаг иргэдийн амьдралын эх үүсвэрүүдийн нэг болдог. Ой мод нь гол нуурын ай сав газруудын усны нөөц, чанарыг хадгалахад чухал үүрэг гүйцэтгэдэг.

 

Мөн орон нутгийн иргэдийн түлш, барилгын материалын түүхий эд болдог. Энэ тайланд болон Дэлхийн Банкны 2004 онд гаргасан Монголын Ой Модны Салбарын Тойм тайланд дурьдсанаар Монгол орны ойн салбар хямралд орсон байна.

 

Оновчтой төлөвлөлт, идэвхитэй менежмент үгүй, үнэн бодит тооллого байхгүй, боловсон хүчны дутагдал, хээл хахуул дэлгэрсэн зэргээс шалтгаалан Монголын ой модны нөөц хомсдож, чанар нь муудаж, ой модны аж үйлдвэрийн салбарт анархи (эмх замбараагүй) байдал бий болсон байна.

 

Цаашилбал, өнгөрсөн жилүүдийн засгийн газрын оновчтой бус, зохицуулалтгүй бодлогоос шалтгаалан ойн салбарт олон хүндрэл гарч байна. Оновчгүй бодлого, хуулийн муу хэрэгжилт, хууль бус модны бизнес зэрэг нь ой модны салбарын ашигтай, тогтвортой хөгжилд саад учруулж байна.

Монголын хойт хэсгээр ойт хээрийн шилмүүст ой, уулархаг нутгийн тайгын ой зонхилж нутгийн өмнөд хэсэг буюу говь цөлийн бүсэд заган ой зонхилдог.

 

Орон нутгийн болон үндэсний хэмжээн дэхь мод бэлтгэлийн ажил зохион байгуулалтгүй явагдаж ирсэн учраас Монгол орон даяар, ялангуяа нутгийн хойд хэсэгт ой модны нөөц хомсдолд орсон байна. Ой модны нөөцийн хомсдлын талаархи статистикийн тоо баримт нь тогтвортой бус байна. Өнгөрсөн зуун жилд Монголын ой мод жилд 40,000 га-аар багасч нийт 4 сая га- аар багассан ба өнгөрсөн 10 жилд 60,000 жил /га-аар хомсдож байна (Дэлхийн Банк, 2003).

 

Одоогийн байдлаар Монгол орны “ойгоор хучигдсан” газар нутгийн хэмжээ 17.9 сая га газар гэж тооцоолж байгаа ба үүнээс 1.8 сая га газар цулгуй газар, 4.5 сая га газар нь заган ой, үлдсэн 11.5 сая га газрыг ойт хээрийн шилмүүст ой, тайган ой эзэлж байна (Криср ба бусад ., 2004). Ойн нөөцийн байнгын тооллого явагддаггүй учраас ойн нөөц болон чанарын талаар мэдэх аргагүй болдог.

 

Ой модноос жилд хэдий хэмжээний мод бэлтгэх боломжтойг тооцоолж, эргэлзээгүй тоо тогтоож чадаагүй байгаа бөгөөд хамгийн сүүлчийн мэдээгээр жилд 0.9 – 1.4 сая м3 гэж тооцоолжээ. Улсын нийслэлээс бусад газар ямар хэмжээний модыг түлшинд хэрэглэж байгаа талаар тооцоо байхгүй, байгаа тоо мэдээ нь янз бүр хоорондоо тохирдоггүй зэрэг байдлаас шалтгаалан одоогийн модны хэрэглээний тодорхой дүнг гаргахад хэцүү байна.

 

Гэвч олдож байгаа мэдээллээс харахад модны хэрэглээний жилийн хамгийн бага тоо 1.74 сая м3, хамгийн их тоо нь 5.5 сая м3 байгаа нь жилд зөвшөөрөгдөх мод бэлтгэлийн хэмжээнээс тав дахин их байна. Газрын хувьчлал, зарим хүмүүсийн орлогын нэмэгдэл, хот руу нүүх нүүдэл, барилгын секторын хөгжил, хүн амын өсөлт зэрэг хүчин зүйлүүдээс шалтгаалан модны эрэлт хэрэгцээ эрс өсөж байна.Монголын засгийн газар 2006 онд жилийн 617,200м3 модны хязгаарлалт тогтоосон. Энэхүү тогтоосон тоо нь жилийн модны бодит хэрэгцээнээс дэндүү бага байгаа бөгөөд энэ нь модны хэрэгцээ бодит амьдрал дээр илүү байгааг харуулж байна. Энэ нөхцөл байдал нь тогтоосон тооноос гадуур хууль бусаар мод огтлох, худалдаалах нь нэмэгдэх, хээл хахуул түгээмэл болох, хувийн аж ахуйн нэгжүүд хууль бус үйл ажиллагаа явуулах нь ихсэх, мод ашигласаны төлбөрөөс олох ашиг багасах зэрэг хэд хэдэн эсрэг үр дагаварт хүргэж байна.

Мөн цаашилбал засгийн газрын бодлогод ой модны нөөцийг хамгаалах, хууль бус модны хангамжыг таслах, эрх бүхий албан тушаалтнуудтай хариуцлагын асуудал тооцох ямар ч ашигтай хувилбар гаргажчадаагүй. Улаанбаатар хотны модны хангамж (85-90%) хууль бусаар хийгдэж байгаа нь модны үнийг хиймлээр бууруулдаг бөгөөд энэ нь бизнесийн шударга өрсөлдөөнийг хааж байна. Тийм учраас ой модны салбарт хууль бус арилжаа ноёрхдог ба засгийн газрын эрх бүхий байгуулагууд, цагдаа, шүүхийн газруудтай гүнзгий бат холбоотой хүчирхэг хүмүүсээс бүрдсэн зохион байгуулалттай гэмт хэргийн шинжтэй сүлжээгээр модны арилжаа явагддаг байна.

Тайланг бүрэн эхээр нь үзнэ үү (pdf формат 2,39MB)

 




Permanent URL for this page: http://go.worldbank.org/Y1Q7UJCPZ0