Монгол Орны Уул Уурхайн Салбараас Байгаль Орчин Болон Нийгмийн Салбарт Үзүүлж Буй Үр Нөлөө

Мєн …-с мэдээлэл харж болно: English

ХУРААНГУЙ

 

Уул уурхайн салбар нь Монголын эдийн засгийн хөгжилд гол хувь нэмэр оруулдаг бөгөөд ДНБ – ий 17%, аж үйлдвэрээс орох орлогын 65%, экспортын орлогын 58% -ийг   тус тус эзэлнэ. Лицензтэй уурхайнуудад нийтдээ 12 мянга гаруй хүн ажиллаж, түүнээс хэд дахин илүү хүн хууль бусаар ашигт малтмал олборлож байна. Өнгөрсөн таван жилд ашигт малтмалын олдворлолт маш хурдацтай явагдаж байгаа нь 1997 онд батлагдсан “Ашигт малтмалын тухай” хуулиар алт олборлолтонд ногдох татварт 10% - ийн хөнгөлөлт үзүүлэх болсонтой, мөн 2001 онд Оюу Толгойн зэс, алтны ордыг илрүүлсэнтэй гол нь холбоотой.

 

Уул уурхайн салбарын бүтээгдэхүүний ихэнх хувийг алт болон зэсийн бүтээгдэхүүн эзэлдэг. Монголд зэсийн баяжуулах үйлдвэр (Эрдэнэт) зөвхөн ганц байдаг нь тус орны олж байгаа гадаад валютын орлогын тал хувийг оруулж, улсын төсвийн бараг 25%-ийг бүрдүүлдэг байна. Алт олборлолт ихэвчлэн шороон ордуудад явагдаж байна. (алтны аллювал концентраци нь ядуу).

 

Монголд ашигт малтмалыг бага хэмжээгээр болон гар үйлдвэрлэлийн аргаар олборлох эртний уламжлал байхгүй. Гэвч энэ нь нэмэгдсээр эдийн засгийн шилжилтийн хүнд үед мянга мянган хүний, ялангуяа зуднаар малаа алдсан мянга мянган малчид (баримжаагаар 30,000 – 100,000 хүн)- ын амьжиргааны нэг эх үүсвэр болжээ. Гар үйлдвэрлэлийн аргаар ашигт малтмал олборлохдоо өнөөгийн мөрдөгдөж буй хууль эрх зүйн хүрээнд ажиллахгүй, хүрээлэн байгаа орчныг доройтуулж байгаад нь орон нутгийн удирдлага, уул уурхайн аж ахуйн нэгжүүд шүүмжлэлтэй ханддаг. 2001, 2002 онуудад түр журам боловсруулан ашигт малтмалыг гар аргаар олборлох энэхүү албан бус үйл ажиллагааг зохицуулах оролдлогууд хийж байжээ.

 

Гэвч энэ журам нь үр дүнд хүрч, амьдралд хэрэгжиж чадаагүй учир дахин шинэчлэгдээгүй. Засгийн газар харин ашигт малтмалыг гар аргаар олборлох явдлыг зохицуулах эрх зүйн орчин бий болгох зорилгоор “Ашигт малтмалыг гар үйлдвэрлэлийн аргаар олборлох тухай” хуулийн төслийг боловсруулан Улсын Их Хуралд өргөн барьж 2005 оны 8 сард хэлэлцүүлсэн боловч дэмжлэг авч чадаагүй юм. Одоогоор Засгийн газар цоо шинэ хуулийн төсөл боловсруулахаар ажиллаж байна. Байгаль Орчинд нөлөөлөх нөлөөлөл Монголын уул уурхайн салбарын байгаль

орчны талаархи мэдээлэл нь ихээхэн зөрчилтэй. Ихэнх нь оновчтой бус арга хэлбэрээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь байгаль орчныг ихээхэн доройтуулах, үйлдвэрлэлийн бүтээмжийг бууруулахад хүргэж байна.

 

Уул уурхайн салбар эдийн засгийн хөгжилд чухал үүрэг гүйцэтгэдэг ч тухайн салбарын өнөөгийн болон ирээдүйн үйл ажиллагаанаас байгаль орчинд учирч болзошгүй доройтлыг бууруулахад шаардагдах зардлыг тооцох, түүнийг арилгах нөхөн сэргээх талаар системтэй арга хэмжээ авагдаагүй байна. Үүний гол шалтгаан нь уурхайн үйл ажиллагаанаас урт хугацаанд байгаль орчинд үзүүлж болзошгүй сөрөг нөлөөллийг бүрэн тооцоолоогүй, энэ талаар мэдээ, мэдээлэл хомс байгаад оршиж байна.

 

Энэхүү хураангуйд Монголын уул уурхайн салбарын байгаль орчинд үзүүлж буй гол нөлөөллүүдийг товч дурьдсан болно. Гидрологийн горимд оруулж буй өөрчлөлтүүд: Гидрологийн горимд, ялангуяа алтны шороон ордын олборлолтоос оруулж буй өөрчлөлт ноцтой асуудал болж байна. Уул уурхайн үйлдвэрлэл явуулж байгаа одоогийн практик ажиллагаа нь үр дүн багатай, маш их ус зарцуулж, гадаргын болон гүний усыг хэтрүүлэн ашигладгаас цэвэршүүлэх хэрээс хэтэрсэн, маш их хэмжээний тунамал булингартай хаягдал шингэн үүсэхэд хүргэж байна. Түүнчлэн, хууль бусаар ажиллуулж, хаягдал усаа асгаж гол мөрнийг бохирдуулж байгаа нь санаа тавих гол асуудал болж байна. Бүх төрлийн уурхайгаас гол мөрөн рүү оруулж байгаа хаягдал ус нь үер болох, шинээр түр зуурын хиймэл нуур цөөрөм үүсэх нөхцлийг бүрдүүлдэг бөгөөд эдгээр үүсмэл ус намгархаг газар уурхай хаасны дараа ширгэж алга болох нь тодорхой. Хэрвээ зөв менежмент хийж чадвал ингэж үүссэн нуур цөөрмийг шороон болон гүний уурхайн хаягдал шингэнийг цэвэрлэх төхөөрөмж болгон ашиглаж болох талтай. Усны чанарыг бууруулах нь. Өсөн нэмэгдэж байгаа гар үйлдвэрлэлийн аргын олборлолт нь (ГААО) улс орон даяар гол мөрний усны чанарт муугаар нөлөөлж байна.

 

Гар аргаар алт олборлогчид мянга мянгаараа гол мөрний эрэг дагуу эрүүл ахуйн шаардлага хангахгүй бохир орчинд амьдарч байгаагаас, тэрчлэн мөнх цэвдгийг хайлуулахын тулд эмх замбараагүй аргал хоргол түлж, машины дугуй зэргийг шатаан хорт бодис ялгаруулан гүний болон гадаргын усыг ихээр бохирдуулж байгаагаас усаар дамжин халдварладаг янз бүрийн өвчин дэлгэрэн тархах эрсдэл өндөр байна. Уурхайн хатуу хаягдлын овоолго ба шингэн хаягдлын хуримтлал. Том болон дунд оврын уурхайн үйл ажиллагааны үед хуримтлагдаж буй хаягдал чулуун овоолго ба шингэн хаягдлын сан нь онцгой санаа зовоосон асуудал боллоо.

 

Монголд уул уурхайн үйлдвэрлэлээс гарч байгаа хаягдал чулуун овоолго нь тогтвортой биш улмаар элэгдэлд орох хандлагатай. Борооны усаар дамжин хаягдлаас элсэрхэг чулуу, шороо голын хөндий рүү угаагдан орж, улмаар малын бэлчээрийн газар бохирдож болзошгүй байна. Зарим тохиолдолд хувь хүмүүс үйлдвэрлэлийн хаягдал шороон овоолго, ялгаж хаясан шингэн хаягдал дээр аюултай нөхцөлд дахин олборлолт явуулж, шархдаж гэмтэх, амь насаа алдах хүртэл эрсдэлд ордог. Эрдэнэтийн уурхайгаас гарсан шингэн хаягдлын хуримтлал л гэхэд тэр чигээрээ байгаль орчны эрсдэл мөн. Одоогийн мөрдөж байгаа төлөвлөгөөгөө биелүүлж гүйцлээ гэхэд тэнд нэг тэр бум тонн хаягдал материал үүсэх бөгөөд энэ нь дэлхийд одоогоор байгаа хамгийн их хэмжээтэй шингэн хаягдлын сангийн нэг нь болох юм. Хашилтын далангийн бэх бат байдлыг байнга хянаж, нэвчилт явагдаж байгаа эсэхийг тогтмол шалгаж байх ёстой боловч хүний нөөцийн болоод хөрөнгө мөнгөний гачигдлаас болоод байнгын хяналт тавьж чаддаггүй байна. Мөн түүнчлэн, уул уурхайн үйлдвэрийн, ялангуяа Эрдэнэтийн шингэн хаягдлын хувьд хүчиллэг хаягдлын асуудал өдрөөс өдөрт хурцаар тавигдах болж байна. Үйлдвэрлэлээс гарч байгаа хүчиллэг хаягдлын хэмжээг хаягдлынхаа хүчил ялгаруулах чадвараас хамааруулан ангилж, тус тусд нь өөр өөр газарт асгах замаар багасгаж, хянаж болохуйц хэмжээнд аваачих боломжийн талаар ярьсаар байгаа боловч яг хэзээ хэрэгжүүлж эхлэх нь тодорхойгүй байна. Мөнгөн усны бохирдол. Мөнгөн усаар бохирдох явдал улам ихэссээр байна.

 

Тайланг бүрэн эхээр нь үзнэ үү (pdf формат 1.33 МВ)

 




Permanent URL for this page: http://go.worldbank.org/DNWM016US0