Зэлүүд тал: Монголын ан амьтны хууль бус худалдааны хямралтай асуудлууд

           Хэдийгээр Монгол улс хэзээ ч ЗХУын нэгэн хэсэг байгаагүй боловч, дэлхийн энэ том гүрний задралаас болж эдийн засгийн хамааралтай байсан Монгол Улсад зайлшгүй нөлөөлнө гэдэг нь тодорхой байв. Бусад олон орнуудын адил бараг л нэг шөнийн дотор Монгол улс бараг 70 жил улс төр эдийн засгийн хувьд ноёрхож байсан засгийн газраас ангижирсан юм. Монгол улс энэхүү хүчтэй шилжилтийг даван туулахад бэлэн биш байлаа. 1920 оныхтой харьцуулахад хөгжлийн хувьд харьцангуй өндөр байсан боловч хэзээ ч өөрөө өөрийгөө хангах түвшинд хүрч байгаагүй юм. Хуучин удирдагчид тус улсад хөрөнгө оруулж байсан нь Монгол улсыг зөвхөн ургацыг хурааж авахад л сургасан болохоос биш үйлдвэрлэх буюу нөөцөө үнэлэх чадвартай болгож чадаагүй билээ. Зэрлэг ан амьтны худалдаа ийм зүйлийн нэг байсан. 1926-1985 онд Монгол улс нэг жилд хойд хөрш рүү 3.5 сая гаруй ан амьтан худалдаалж, нийтдээ 119 сая үслэг эд, 13 сая кг ангийн мах, 1.5 сая халиун бугын эвэр нийлүүлж байжээ. Эдийн засаг өндөр хөгжсөн, нөөцийг шингээх асар их чадалтай Хятад улстай саяханаас хилийн боомт нээсэн нь худалдааны маршрутыг эргүүлсэн боловч ан амьтны худалдаа огцом өсөж, үүнийг дагаад эдийн засгийн хувьд чухал ач холбогдолтой ан амьтны төрөл зүйл буурахад нөлөөлсөн юм. Сүүлийн хэдхэн жилийн дотор Монгол улсын эдийн засгийн чухал ач холбогдолтой төрөл зүйл хэрхэн огцом буурч байгааг 5 жишээгээр харуулъя.

  • Тавхан жилийн дотор Монголын монгол татаар бөхөнгийн (Saiga tatarica mongolicа) зүйлийн тоо толгой 5000-аас 800 хүртэл 85%-иар буурчээ (WWF 2004). Энэ бууралт нь Казакстан болон Орос улсад бөхөнгийн тоо толгой 1990-ээд оны эхэнд 1 сая орчим байснаа сүүлийн жилүүдэд 31000 болтлоо буурсны дараа болсон. Ингэж буурсан гол шалтгаан нь Хятад улсад бөхөнгийн эврийг эмчилгээний зориулалтаар зах зээлд нийлүүлж байгаатай холбоотой юм (Millner-Gulland et al. 2001, FFI 2004).
  • Мөн Монголын халиун буга (Cervus elephus) нийт нутаг дэвсгэрт их хэмжээгээр буурсан. 1986 онд БОЯ-аас зохион байгуулсан тооллогоор ойролцоогоор 115000 км талбайд 130000 халиун буга нутаглаж байна гэсэн тооцоо гарч байлаа. Тэгвэл 2004 онд хийсэн хамгийн сүүлийн тооллогоор Монгол улсын 15 аймагт ердөө л 8000-10000 халиун буга нутаглаж байна гэсэн тооцоо гарсан байна. Энэ бол 18-хан жилийн дотор 92 хувиар буурчээ гэсэн үг юм.
     
  • Засгийн газрын тооцоогоор Монгол улсад 1975 онд 50000 аргаль хонь тоологдож байсан бол 2001 онд 13000-15000 болтлоо буурсан байна (Amgalanbaatar et al., 2002). Энэ нь 16 жилд 75 хувь буурсан үзүүлэлт юм.
     
  • Нэгэнтээ 40 саяар тоологдож байсан тарвага 1990-ээд онд бараг 20 сая болтлоо буурч, 2002 онд ердөө л 5 саяар тоологджээ. 12 жилд 75 хувь буурсан байна (Batbold, 2002).
     
  • 1999 онд 3000 үржлийн хос идлэг шонхор шувуу байсан бол 5 -хан жилийн дотор 30 хувийн хорогдолтой 2200 хос болж мөн л буурч эхлээд байна (Shagdarsuren, 2001). Иймэрхүү тоо толгойн бууралт бусад ан амьтдын төрөл зүйлд тохиолдож байгаа гэсэн аман мэдээллүүд их байгаа бөгөөд тэдгээрийн тухай тодорхой мэдээлэл хязгаарлагдмал эсвэл огт байхгүй байгаа болно. Хэдийгээр сайтар судлагдаагүй ч Монголчууд энэ асуудалд ихээр санаа зовж байгаа юм. Энэхүү судалгааны явцад анчид бараан хэрэм ойд үзэгдэхээ байлаа, мөн шар үнэг, хярс үнэг таарах нь ховор байна, бор гөрөөс, хүрэн баавгай, молцог хандгай, хар сүүлтий, баданга хүдэр зэрэг нь бүгд алга болж байна. Нэгэн цагт зэрлэг ан амьтад олноороо дуу шуугиантай байсан газар нутаг өнөөдөр эль хуль ямар ч чимээ шуугиангүй болж байна гэж гомдоллож байгаатай байнга таарч байлаа. Зэрлэг ан амьтдын нөөц хэр байгаа бол гэж асуухад анчин нь ч, анчин биш хүмүүсийн аль аль нь манай улс ямар ч хязгаарлалтгүй ан хийж байгаа нь газар нутгаа хоосолж, цөлмөж байгаад санаа зовдгоо илэрхийлж байсан юм.

 Тайланг бүрэн эхээр нь үзнэ үү (3.29MB)

 

 




Permanent URL for this page: http://go.worldbank.org/B59PIGVRQ0