Монгол орны загасны тоо толгой хорогдож, мөхөлд хүрч буй талаарх олон мэдээ баримт, нотолгоо урьд өмнө нь дурьдагдаж байсан ч Монголын загасыг хамгаалах үнэлгээний асуудал хэзээ ч хөндөгдөж байгаагүй. Монгол орны загасны улаан данс нь Монголын загасны талаарх бүх мэдээллийг багтаасан төдийгүй тэдгээрийн өнөөгийн нөхцөл байдлыг онцлон тэмдэглэсний зэрэгцээ тархалт, хууль цаазанд тусгагдсан байдал, хорогдлын шалтгаан зэрэг бусад мэдээллүүдийг тусгаж өгсөн. Зарим зүйлийн хувьд дэлхийн хэмжээнд үнэлэгдсэн хамгааллын зэрэг тусгагдсан болно. Ховордлын зэргийн нэр томъёонд (Анхааралд өртөөгүй, Ховордож болзошгүй, Эмзэг, Устаж болзошгүй, Устаж байгаа, Байгаль дээр устсан ба Устсан) зүйлийг зэрэглэхдээ тоо хэмжээний босго үзүүлэлт ашигласан ‘Дэлхийн Байгаль Хамгаалах Холбооноос эмхэтгэн гаргасан Ховор зүйлийн жагсаалтын зэрэглэл болон шалгуурыг’ (IUCN, 2001), ашиглан үнэлгээг хийсэн. Үнэлгээ хийгдсэн бүх зүйлийг тодорхой дүрслэх, мөн тус оронд нутагших загасны хамгааллын зэрэглэлийг нийтэд мэдээлэх зорилгоор Монгол оронд ховордож байгаа болон одоогоор эрсдэлд өртөөгүй байгаа загасны бүх зүйлүүдийг энэ баримт бичигт оруулсан. Гэхдээ Эмзэг, Устаж болзошгүй, Устаж байгаа гэсэн ангилалд орсон зүйлүүд бараг устаж үгүй болж байгаа гэж үзэж болох бөгөөд албан ёсоор улаан дансанд орсон зүйл хэмээн тэмдэглэсэн. ‘Монгол орны загасны улаан данс’ бүтээл нь Монгол орны загас хамгааллын асуудлын үндэс суурь нь болох бөгөөд тухайн нөхцөл байдал цаашид сайжрах эсвэл улам доройтож байгааг үнэлэх боломжийг бий болгож байгаа юм. Түүнчлэн хорогдож буй загасны зүйлийн талаар бодлого боловсруулахад шаардагдах хамгийн сүүлийн үеийн мэдээллийг оруулсны зэрэгцээ зарим зайлшгүй хийх шаардлагатай ажлуудыг санал болгосон бөгөөд мэргэжлийн байгаль хамгаалагчдад хамгааллын төлөвлөгөө боловсруулахад хэрэгтэй мэдээллийг оруулж өгсөн. Монгол орны загасны улаан дансыг хэвлэн нийтлэхэд оролцсон мэргэжилтнүүд Монголын Биологийн олон янз байдлын мэдээллийн санд оруулсан загасны төрөл зүйлийн мэдээллийг нэгтгэхэд мөн тус дэм үзүүлсэн. Тухайлбал, МУИС-ийн Амьтан судлалын тэнхим зүйлийн тархалтын талаарх дэлгэрэнгүй мэдээлэл, экологи, идээшил нутаг, хорогдлын шалтгаан болон хамгаалах арга хэмжээний талаархи боломжит бүх мэдээллээр хангасан. Хамгааллын төлөвлөгөөний эмхэтгэл нь бүх хорогдож буй зүйлийн талаарх дэлгэрэнгүй мэдээлэл болон тэдгээрийг цаашид хамгаалан мэнд авч үлдэхэд шаардагдах арга хэмжээг тусгаж өгсөн. Эдгээр хамгааллын төлөвлөгөөний эмхэтгэл тусгай баримт бичиг болон хэвлэгдэх бөгөөд үүний электрон хувилбарыг Лондоны Амьтан судлалын нийгэмлэгийн номын сангийн (https://library.zsl.org) болон www.regionalredlist.com хаягаар хандан үзэх боломжтой. Монгол орны загасны Улаан данс бол зөвхөн анхны алхам нь юм. Энэ нь Монгол орны загасны талаар ямар мэдээлэл байна, бид юу мэдэж байна гэдгийг задлан шинжлэхэд тусласны зэрэгцээ бидний мэдлэгийн хүрээнд дутагдаж байгаа зүйлийг ч мөн тодорхойлж өгсөн. Түүнчлэн Монгол орны загасанд нүүрлэж буй аюул, тухайлбал, хууль бус агналт, өсөн нэмэгдэж буй үйлдвэрлэлийн үйл ажиллагаа болон уур амьсгалын өөрчлөлт зэрэг асуудал нь улам ноцтой болж байгааг тэмдэглэсний зэрэгцээ үндсэн ажиглалт хийхийн ач холбогдлыг онцлон заасан. Мөн сайн судлагдаагүй байгаа зүйлийн талаар судалгаа, шинжилгээг хийж, ангилал зүйн хувьд асуудал нь шийдэгдээгүй байгаа зүйлийг устаж алга болохоос нь өмнө тодорхойлж баталгаажуулах шаардлагатайг дурьдсан. Энэ баримт бичиг Монгол орны загасны хамгаалал болоод судалгаа шинжилгээний ажилд шинэчлэлт хийнэ гэдэгт бид итгэж байна. Тайланг бүрэн эхээр нь үзнэ үү (pdf формат 1.29MB) |