Байгаль орчны менежментийг сайжруулах аргачилсан зөвлөмж

ТӨСЛИЙН ҮНДЭСЛЭЛ

 cover

Тогтвортой хөгжил бол удаан хугацааны турш оршин тогтнох, тогтвортой, чанартай, цаашид байнга хөгжин цэцэглэх нийгмийг байгуулахын тулд эдийн засаг, нийгэм, байгаль орчны зорилтуудыг тэнцвэртэй байлгах бодлогоор тодорхойлогддог процесс юм. Аливаа орны засгийн газрын нэн тэргүүний зорилт бол нэг талаас хүн ардынхаа сайн сайхан амьдралын төлөө эдийн засгийн хөгжлийг дэмжих, нөгөө талаас хөгжлийн үр ашгийг иргэдэд тэнцүү хүртээх, хүрээлэн буй орчны чанар, хүртээмжийг сайжруулах хоёрын хоорондын тэнцвэрийг хангах явдал юм. Энэ тэнцвэрийг хангахын тулд тогтвортой хөгжлийн үзэл баримтлалд үндэслэсэн зорилго, зорилт, стандартуудыг боловсруулж, байгууллагуудад байдаг саад бэрхшээл, хүнд суртлыг арилгаж, засгийн газрын хөтөлбөрүүдийн уялдааг сайжруулж, төлөвлөлтийн бүхий л шатанд байгууллага, салбар хоорондын нэгдлийг хангаж, хөгжлийн үйл явцад иргэдийн оролцоог нэмэгдүүлэх шаардлагатай байдаг. Монгол Улсын Засгийн Газраас хэрэгжүүлж буй “Хүний хөгжлийг хангах сайн засаглал хөтөлбөр”-т засгийн газрын үйл ажиллагааг сайжруулахад дараах асуудлуудыг нэн тэргүүний асуудал болгон тусгасан байна.

  • Байгаль орчны чиглэлийн сайн хууль, тогтоомж
  • Бүтэц, зохион байгуулалтын сайн тогтолцоо
  • Мэдээллийн оновчтой, дэлгэрэнгүй сан
  • Олон нийтийн оролцоо
  • Байгаль орчны доройтлыг сааруулж, ажиллах, хөгжих боломж бүрдүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэх

Асар хурдтай хөгжиж буй өнөөгийн ертөнцөд Монгол улс харьцангуй амжилттай байр суурь эзлэн урагшилж байна. Монгол улс бараг хөндөгдөөгүй шахам байгаль орчин, байгалийн баялагтайгаа 1990-ээд онтой золгосон ба хүн ам цөөн, хүн амын нягтшил бага, хүн амын дийлэнх нь бичиг үсэгт тайлагдсан, байгалийн асар их баялагтай гэх мэт олон онцлогтой орон билээ. Нөгөө талаас социалист системээс зах зээлийн баримжаатай нийгэмд шилжин орох явцад олон үйлдвэр, аж ахуйн газар хаалгаа барьсны улмаас ажилгүйдэл ихэссэн юм. Ажилгүйдлийн улмаас олон хүн албан бус салбарт буюу өөрөөр хэлбэл зөвшөөрөлгүй мод огтлох, бэлтгэх, хууль бус гар аргаар ашигт малтмал олборлох зэргээр ажиллаж эхэлсэн. Тэдний энэ үйл ажиллагаанд төрийн зүгээс тавих хяналт сул байсны улмаас байгаль орчинд ноцтой хохирол учирч гол, нуурын усны эх үүсвэр хомсдож, усны чанар муудаж, төв суурин газрын ойролцоох бэлчээрийн даац муудаж, ойн нөөц эрс багасч байна.

Тайланг бүрэн эхээр нь уншина уу.  (pdf формат 2.12MB)

 




Permanent URL for this page: http://go.worldbank.org/Z9M5M6BZ40