Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгааны үндсэн тайлан. 2002-2003 он

Household Income Survey 2002-2003 cover, monЗах зээлийн эдийн засгийн харилцаанд шилжсэнээс хойшхи он жилүүдэд манай улсын нийгэм эдийн засаг, хүн амын амьдралд гарч байгаа өөрчлөлтүүдийг өрхийн гишүүдийн хүн ам зүйн байдал, тэдний боловсрол, эрүүл мэнд, ажил эрхлэлт болон өрхийн хувийн үйлдвэрлэл эрхлэлттэй уялдуулан нарийвчлан судлах нь нэн шаардлагатай болсон билээ. Энэ зорилгоор Монгол улсын Үндэсний Статистикийн газраас Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэр судалгаа-г Дэлхийн Банк болон Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр 2002-2003 онд эрхлэн явууллаа. Монгол улс урд өмнө нь тухайлбал, Монгол улсын хүн амын амьжиргааны түвшний үнэлгээ-ний анхны түүвэр судалгааг Дэлхийн банкны техник санхүүгийн дэмжлэгтэйгээр 1995 онд, хоёр дахь удаагийн судалгааг Амьжиргааны түвшний түүвэр судалгаа гэсэн нэрээр 1998 онд Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн Хөтөлбөрийн газрын дэмжлэгтэйгээр тус тус явуулж байсан болно.  

 

Энэ удаагийн Өрхийн орлого, зарлага, амьжиргааны түвшний түүвэрсудалгаа /ӨОЗАТС/ нь олон улсын аргачлалд нийцүүлсэн түүвэрлэлтийн шинэ зохиомж, аргачлаар хийгдсэний зэрэгцээ Өрхийн орлого зарлагын судалгаа/ӨОЗС/ болон Амьжиргааны түвшний түүвэр судалгаа /АТТС/ гэсэн 2 судалгааг хослуулан явуулсанаараа ихээхэн онцлогтой юм. Түүнчлэн хүн амын хэрэглээний байдлаас нь хамааруулж тухайлбал, хүн амын хүнсний хэрэглээний мэдээллийг өдөр тутмын худалдан авалтын бүртгэлийг үндэслэн, өрхийн нийтийн аж ахуй, сууц, цахилгаан, түлш гэх мэт зарим тогтмол хэрэглээнийх нь хамт ӨОЗС-ны асуулгаар сар бүр; харин хүнсний бус бусад төрлийн хэрэглээнүүдийн холбоотой мэдээллийг АТТС-ны асуулгаар улирал тутам гэхчлэн ялгавартайгаар цуглуулах зарчим баримтласан болно. ӨОЗС-нд 11232 өрх түүвэрлэгдэн хамрагдаж, улмаар тэдгээрээс 3308 өрхийг дахин түүвэрлэн сонгож АТТС-нд хамруулж ашиглав.Ингэж 2 тусдаа асуулгаар судалгааны нэг нэгжээс өөр өөр хугацаанд цуглуулсан мэдээллийг нэгтгэн боловсруулалт хийх нь өрхийн хэрэглээ, зарлагын мэдээллүүдийг илүү уялдуулан тооцох боломжийг олгосноороо өмнөх судалгаануудаас давуу талтай болсон төдийгүй энэ нь ийм төрлийн судалгааны талаарх олон улсын практикт ч мөн бодитой хувь нэмэр оруулж байгаа болно. Энэ удаагийн судалгааны түүврийн зохиомжийг үндэслэн судалгааны үр дүнг улсын дунджаар, түүнчлэн нийслэл, аймгийн төв, сумын төв, хөдөө гэсэн 4 үндсэн суурьшил, мөн хот, хөдөөгөөр зааглан боловсруулсны зэрэгцээ Монгол улсын засгийн газраас тогтоосон бүс нутгийн байршлаар тайлагнах, нэгтгэн дүгнэлт өгөх боломжийг олгож байна.

 

Энэхүү тайлан нь Судалгааны үндсэн үр дүн болон хавсралт бүлгүүдээс бүрдэж байгаа юм. Үндсэн үр дүнгийн бүлэгт ядуурлын үндсэн үзүүлэлтүүдийг олон улсын аргачлалын дагуу тооцож нийгмийн холбогдох салбаруудтай уялдуулан авч үзсэн. Хэрэглээний бүтцийг хэрхэн байгуулж, ядуурлын шугамыг яаж тооцсон болохыг хэрэглэсэн аргачилалд нь тулгуурлан тодорхойлж тусгасныдээр статистикийн зарим шалгуур үзүүлэлтүүдийг хавсралт хүснэгтээр тодотгон харуулсан.

 

Монгол улсын ядуурлын өнөөгийн байдал, дүр төрхийг нийгэм, эдийн засгийн үзүүлэлтүүдтэй холбон судалсан энэхүү судалгааны үр дүн нь Монгол улсын засгийн газраас хэрэгжүүлж байгаа Эдийн засгийн өсөлтийг дэмжиж, ядуурлыг бууруулах стратегийн баримт бичиг-ийн хэрэгжилтийг хянах, цаашид авч хэрэгжүүлэх бодлого, арга хэмжээг боловсруулахад чухал хувь нэмэр болно гэж үзэж байна. Энэхүү судалгааг явуулснаар ядуурлын талаарх үндэсний хэмжээний мэдээллийн бааз шинэчлэгдэн баяжиж, улмаар ҮСГ-ын судлаач мэрэгжилтний чадавхийг нэмэгдүүлэхэд ч чухал хувь нэмэр оруулсаныг энд дурьдахад таатай байна. Түүнчлэн энэхүү судалгааны үр дүн нь төрийн бодлого боловсруулагч, шийдвэр гаргагч нарыг ядуурлын талаарх бодит мэдээллээр хангахын зэрэгцээ, ядуурал, нийгэм, эдийн засгийн асуудлыг сонирхогч судлаач, эрдэмтдэд сүүлийн үеийн шинэ мэдээлэл бүхий гарын авлага болно гэдэгт найдаж байна.

  П. БЯМБАЦЭРЭН

МОНГОЛ УЛСЫН
ҮНДЭСНИЙ
СТАТИСТИКИЙН
ГАЗРЫН ДАРГА

ПРАТИБХА МЕХТА

НҮБХХ-ийн СУУРИН

ТӨЛӨӨЛӨГЧ

САХА МЕЯНАТАН

ДЭЛХИЙН БАНКНЫ

СУУРИН ТӨЛӨӨЛӨГЧ

green arrowЭнд дарж бүрэн тайлантай танилцана уу (pdf format 3.63 MB) 




Permanent URL for this page: http://go.worldbank.org/HV1EP0GLE0