| Номын тухай: 1990 оноос эдүгээг хүртэл Монгол орны байгаль хамгаалах салбарт олон байгууллага шинээр үүсэн бий болж орчны бохирдлыг бууруулах, сүйрлийн ирмэгт хүрээд байгаа ой модны асуудалд олны анхаарлыг хандуулах, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх, ан амьтан, ургамлын төрөл зүйлийг хамгаалах гэх мэт чиглэлээр үйл ажиллагаа явуулсаар ирсэн ч эдгээр байгууллагуудаас Монголын нийгэмд хамгийн нөлөөтэй, өргөн цар хүрээтэй салбарын нэг болох бурханы шашны сүм хийдүүдтэй хамтран ажиллах харилцаа тогтоосон нь тун цөөхөн ажээ. Энэхүү гарын авлага нь тэдгээрийн сүм хийдүүдтэй хамтран явуулсан үйл ажиллагаануудын тухай дэлгэрэнгүй өгүүлэхийн зэрэгцээ Монголын лам, хуврагууд хийгээд бурханы шашины зан заншил, тэдгээрийн байгаль хамгаалах гүн утга агуулга, холбоо харилцааны тухай ойлголтыг уншигчдад өгөх юм. Түүнчлэн энэ гарын авлага нь сүм хийд, лам хуврагуудтай байгаль хамгаалах үйлсэд хэрхэн хамтран ажиллах тухайд бичигдсэн хамгийн анхны лавлагаа бөгөөд бурханы шашны уламжлалт байгаль хамгаалах арга зам нь байгаль хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй гадаад дотоодын байгууллагуудын хувьд юуны учир чухал судлагдахуун болох талаар тайлбарлан таниулах юм. Гарын авлагыг “Шашин ба байгаль хамгааллын холбоо” олон улсын төрийн бус байгууллага, Монголын Бурханы Шашинтны Төв-Гандан Тэгчэнлингийн хийд хамтран бүтээсэн бөгөөд Нидерландын Вант Улсын Засгийн Газрын Итгэлийн Сангийн дэмжлэгээр Дэлхийн Банк болон Монгол улсын Байгаль орчин, аялал жуулчлалын яам хамтран хэрэгжүүлж буй “Байгаль орчны шинэчлэл-2” төслийн хүрээнд санхүүжүүлсэн болно. Хэнд зориулав: Байгаль орчныг хамгаалах чиглэлээр ажиллаж буй гадаад дотоодын төрийн болон төрийн бус байгууллагууд, бурханы шашны сүм хийд, олон нийтэд зориулав.
Гарын авлагыг бүрэн эхээр унших (pdf формат, 1.18МB)
|