Нидерландын вант улсын Засгийн газрын Итгэлийн сангийн дэмжлэгээр байгаль орчин, аялал жуулчлалын яам, Дэлхийн банк хамтран хэрэгжүүлж буй "Байгаль орчны шинэчлэл-2" төслийн хүрээнд боловсруулан гаргав. Номын тухай: Манай оронд сүүлийн жилүүдэд хотжилт, аж үйлдвэржилт, уул уурхай, хөдөө аж ахуй үйлдвэрлэл зэрэг хүний үйл ажиллагааны улмаас гадаргын болон газрын доорхи усны эх үүсвэр, усан орчин ихээр бохирдож, хүн амын унд ахуйн хэрэгцээ болоод бусад ус хэрэглэгч, ашиглагчдын чанарын шаардлагад нийцэхгүй болох, нөөц нь хомсдох асуудал тулгарах боллоо. Усны нөөцийг хамгаалах, бохирдлыг бууруулах талаархи төрийн бодлогыг тодорхойлох, түүнийг хэрэгжилтийг хангах, хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр дүнг бодитой тооцож илэрхийлэхэд усны чанар, бохирдлын талаархи бодит тоон мэдээлэл ихээхэн ач холбогдолтой болно. Ийм тоон мэдээг хяналт-шинжилгээний нягтрал сайтай сүлжээ, өндөр хүчин чадалтай лаборатори, мэргэшсэн боловсон хүчин ажиллаж байж бүрдүүлэхийн зэрэгцээ оновчтой, хүчин чадалдаа дүйхүйц зөв арга зүйгээр хөтлүүлэн, сүлжээний хувьд нэгдмэл шинжилгээний аргачлал, дэгтэй чанарын хяналтыг мөрдүүлж бий болгоно. Усны чанарын талаархи баталгаатай, нарийвчлал сайтай үнэн зөв мэдээг гарган авах үндэс болсон усны химийн шинжилгээний уг нэгдсэн аргачлалын I ба II бүлэгт усны сорьц авах цэгийг сонгох, сорьцын төрөл ангилал, сорьц авах ба бэхжүүлэлт хийх, задлан шинжилгээ хийх зэрэг усны чанарын хяналт-шинжилгээний бүх техник арга ажиллагааг хамруулж, III бүлэгт орчин үеийн нарийн мэдрэмтгий зарим аналитик багажийн талаархи мэдээллийг оруулж, асуудлыг цогцоор нь авч үзсэн. Усны чанарын хяналт-шинжилгээний болон усны бохирдлын хяналтын байгууллага, лабораториуд, тэдгээрийн инженер, техникийн ажилтан, усны химийн задлан шинжилгээ хийдэг сургалт, үйлдвэрлэл, судалгаа шинжилгээ, хяналтын нийт лабораторийн химич, шинжээч судлаачид, оюутан сурагчид зориулсан болно.
|